УВС АЙМГАА ЯВСАН ТЭМДЭГЛЭЛ

Saturday, January 23, 2010 |


Увс аймгийн Увс нуурын ай сав газрыг 2003 онд НҮБ-ын ЮНЕСКО-гийн батламж олгож дэлхийн өв санд орсон дэлхийн бүх тивийн байгаль экологийн орчинг нэг дор зөвхөн Увс аймгийн Увс нуурын орчмоос үзэх боломжтой бүс нутгийн нэн ховордсон ашигтай ургамлыг хамгаалах, нөхөн сэргээх, тарималжуулах ажлыг Монгол Фермер дээд сургуульд сурч байгаа болон төгссөн оюутнууддаа зааж өгөх ажлаар яваад ирлээ.

Увс аймгийн хуучнаар Улаантолгойн сангийн аж ахуйн суурин дээр Улаан толгойн “Чацаргана” ХХК ажиллаж байна. Түүнийг Монгол улсын гавьяат нэгдэлчин Г.Баазар даргатай, агрономич Н.Ганчимэг /2005 онд ХААИС төгссөн/ нар ажилладаг. Тус компани нийт 380 га газартай 60-70 га-д 60-70 мянган чацарганы мод 20 жил ургаж үр жимсээ өгч байна. Жилд 20 тн хүртэл жимс хурааж авна. Түүнийгээ Говь-Алтай аймгийн Т.Гантөмөр захиралтай “Ентүм” ХХК-д нийлүүлдэг, түүний салбар нь болж ажилладаг юм байна.

Жилд хүлэмжээр 120 мянган суулгац бэлтгэдэг. Түүнийгээ талбайд шилжүүлж 2 жил болгоод үйлдвэрлэлд нийлүүлдэг. Манай чацарганы мод хөгширч байгаа, түүнийг өргөжүүлж залуу модоор нөхөн төлжүүлнэ гэж ярьж байв.

Увс аймгаас хямдхан чацарганы суулгац, үхрийн нүдний суулгац авч болох юм байна. “Чацаргана” ХХК-аас, Монгол улсын гавьяат агрономич С.Дэчинпилээс, Увс аймгийн жимсний станцаас 800-850 төгрөгөөр авч болох юм байна.

130 га-г хадлангийн зориулалтаар ашиглаж байна. 20 га-д усалгаатай хадлан бэлтгэж байна. Улаангом хотын мал бүхий иргэдэд хадлангийн талбай олгох боломжтой. Хадлангаа хадаж байна.

Улаангомынхон Увс нуурын хөвөө Тэс сумаар тун сайхан зуншлага боллоо гэнэ. Зүүн говиор зүгээр сайхан байна гэцгээнэ. Харин Малчин сумын наран биеийнхэн, Хяргас нуурын хөвөө, Хар тэрмэс, Могойн голоор огт бороо дусаагүй гэж байна. Наранбулаг сумынхан намаржаанд ар хөдөө, Увс нуурын хөвөө тийш ханджээ. Ханхөхий нурууны төгсгөл Хайстын шилийг Шавартын амаар давж огт явж үзээгүй замаар айж л явлаа. “Залбирч явбал зайлуулдаг, мөргөж явбал мөлтөлдөг” гэгчээр гайгүй шүү. Хайстын шилийн ойг харж нэгийг бодож явлаа. Наранбулагийнхан ой модоо их хайр гамтай цэвэрхэн ашиглаж байгаа нь бусад газруудад үлгэр авмаар санагдлаа. Арай ч сэлэнгийн Дулаанхааны ой шиг болчихоогүй байна. Манай Хархираа, Зүүнхангайн нутгаар та юу гэж бодно хүн харах аргагүй аймаар гэж жолооч Дэмчиг хүү хэлэв. Хятад орон шиг байгаа бага хэмжээний ойгоо хайрлан хамгаалах, ойжуулах аргаа бодож “Таны тарьж ургуулсан 15 настай модыг төдий төгрөгөөр үнэлж авна” гэсэн Монгол улсын хуультай бол хүмүүс түүний төлөө зүтгэнэ дээ гэж бодож явлаа. Нутгийн өвгөний хэлсэнчлэн “Гүйдлийн тэмээ тогтдоггүй Гүмбэрийн түнгэнд төр яаж тогтох вэ” гэгдэж байсан 1954 онд байгуулагдсан Наранбулаг сумын нутагт орж ирлээ. Увс аймгийн Наранбулаг сумын нутагт “Пионер” нэгдэл Увс аймагтаа толгой цохидог нэгдлийн нэг байв. Сумын төвд жижиг сад байгуулж мод тарьжээ. Голд нь өнгөрсөн зууны Монголын тэргүүн баян Улсын алдарт сайн малчин Бөөрийн Иргэлийн цээж баримал хөшөө босгожээ. Учир нь зөвхөн Бөөрийн Иргэлийн 12600 толгой малаар Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэл байгуулж байсан түүхтэй. Б.Иргэлийн талаар манай “Монгол Фермер” сонины 2005 оны 12 дугаар сарын 86 дугаарт бичигдсэн билээ.

Тэс суманд анх 1954 онд Х.Довчин даргатай “Шинэ амьдрал” нэгдэл, 1956 онд Б.Жамбал даргатай “Тэс гол”, 1958 онд Б.Жамьян даргатай “Лениний зам” нэгдэл байгуулагдаж энэ гурван нэгдэл нийлж 1959 онд Тэс сумын “Лениний зам” нэгдэл болсон түүхтэй. 1975 онд Тэсийн тэжээлийн аж ахуй байгуулагдаж жилд 20 мянган тн байгалийн хадлан, 10 мянган тн хорголжин тэжээл үйлдвэрлэж баруун зургаан аймгийг тэжээлийн найдвартай баазаар хангаж байсан түүх саяхан гэж Тэсийн тэжээлийн аж ахуйн нягтлан бодогч хожим Тэжээлийн аж ахуйн дарга байсан � .Жав ярив. Тэс сум найман мянга гаруй хүн амтай байж. Эдүгээ 6мянган хүнтэй гэнэ.

Монгол Фермер дээд сургуулийг төгсөгч аймгийн заан Жамсрангийн ууган хүү Нямбуян Оюунчимэг нар хүүгийн хамт Увс нуурын зүүн захын хөвөөнд Тэсийн тавдугаар багийн “Хар түнгэ” гэдэг газар мал маллаж, ногоо тарьж амьдарч байна. Өвөл нь багийн бага сургуульд компьютер, англи хэлний багш хийж байна.

0 comments:

Post a Comment